1605310006

ХАМТ ОЛНЫ ХҮЧЭЭР БОССОН ЖИШИГ ЗУСЛАНГИЙН НЭЭЛТЭЭС

“Сэтгэл оршиход бие нь хаа холдохов” гэсэн нэгэн сайхан үгийг олон зууны тэртээ Эзэн Чингис хаан айлдсан нь бий. Хувь хүн үр бүтээлтэйгээр ажилдаа хандах хандлага, тогтвортой, чин сэтгэлээсээ ажиллах ажлын бүтээмжийн нэг хөшүүрэг нь яахын аргагүй нийгмийн асуудал, ахуй орчин нөхцөл байдаг билээ. Энэ орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх арга ухааныг удирдлагын бүлгийн зөв алхам, шийдвэрийн үрээр бий болдог.

Тэгвэл энэхүү зөв алхам, оновчтой шийдвэрийг гаргаж, ажилчдынхаа нийгмийн асуудлын нэгээхэн хэсгийг Хилийн 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан болон тус ангийн хамт олон сэтгэл зүрх, гар бие, нийлэн босгож чадсанд нь нийт хилчдийнхээ өмнөөс талархаад баршгүй. Учир нь тус анги “Хилчдийн нийгмийн хамгаалал-2024” хөтөлбөрийн хүрээнд ХХЕГ-аас олгосон зуслангийн газарт зураг төслийн дагуу ажилчдын 13 байр, дөрвөн байшингийн суурь, автомашины зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг, гадна талбайн гэрэлтүүлэг, хашаа, хүүхдийн тоглоомын талбай гээд хүний ая тухтай амьдрах бүхий л боломжийг цогцоор нь бүрдүүлсэн жишиг зусланг анх удаагаа бий болгож чадсанд оршиж байгаа юм. Энэхүү ажлынхаа үр дүнг үзэхээр, тайлагнан харуулахаар, шинэ сууцныхаа түлхүүрийг гардуулан өгөхөөр тавдугаар сарын 29-ний нар хур тэгширсэн өдөр ХХБ-ын баруун салааны энгэрт байрлах уул, ус нь тэгширч, ургамал ногоо нь жигдэрсэн байгалийн үзэсгэлэнт газарт цугларсан байв.

Нээлтийн үйл ажиллагааг угтаж Үржиншадивлан хийдийн лам Н.Энхмандах газар, уул, усаа аргадсан ном айлдаж, айл бүхэнд баян Намсрайн даллага авахуулав. Нээлтийн үйл ажиллагаанд ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр, ХХЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаяр нар хүрэлцэн ирж шинэхэн сууцны түлхүүр, газрын гэрчилгээг эздэд нь гардуулан өгсөн юм. Мөн шинээр зуслангийн байрныхаа түлхүүрийг гардаж авч буй айл бүхэнд Хилийн 0288 дугаар ангийн зүгээс гал голомтоо бадрааж шинэ сууцанд орж буйн бэлгэдэл болгож шарах зуух бэлэглэсэн сайхан үйл явдал боллоо.

Энэ үеэр ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр эсгүүрчин Г.Хандын гэрт зочилж халуун ам бүлээрээ аз, жаргалтай урт удаан амьдрахыг хүсэн ерөөгөөд арвай будаагаар аравнайлсан хадгийг уяж өгсөн юм. Тус ангийн нийт бие бүрэлдэхүүний 90 орчим хувь нь бүсгүйчүүд.

Гэсэн хэдий ч ахлагч, офицер, энгийн гээд бүгд нэгэн сэтгэлээр хүчин зүтгэж өөрсдийн амьдран суух, анд нөхөд нь аж төрөх өргөө гэрийнхээ төлөө бүхий л боломжоо дайчилж ажилласан нь үлгэр жишээ авахуйц бүтээн байгуулалт болж чаджээ гэдгийг хэлэхэд таатай байна. Мэдээж хилчид бид бие биедээ тус дэм бололгүйгээр хэрхэн хол явах билээ. Тус ангийн барилгын ажилд хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай Хилийн 0252 дугаар ангийн хамт олон тусалж дэмжсэнд “Эх орны манаа” сониноор дамжуулан баярлаж талархсанаа илэрхийлсэн юм. Хилчдийн жишиг зусланг бүтээн босголцоход 50 хоногийн турш гэртээ харих завдалгүй ажлын талбар дээр ажилласан баг хамт олныг шагнаж урамшуулсан давхар баярт үйл явдал энэ үеэр тохиолоо. Ингээд Хилийн 0288 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Үйлдвэрлэл үйлчилгээний албаны дарга ахлах дэслэгч Х.Мөнхтуяад ахмад цол, Хилийн 0252 дугаар ангийн Зэвсэг, химийн албаны дарга, хошууч Ч.Сансар, Хилийн 0252 дугаар ангийн хөрөө рамны ажилтан, ахлах ахлагч Т.Төмөр нарыг “Хилчний алдар I”, Хилийн 0288 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Н.Эрдэнэ-Очирыг “Хилчний алдар II”, Хилийн 0252 дугаар ангийн мужаан, дэд ахлагч С.Ганзориг, Хилийн 0288 дугаар ангийн мужаан, дэд ахлагч Ж.Дамдиндорж нарыг “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр тус тус шагнасан юм. Энэхүү зуслангийн нэг байшин нийт есөн сая төгрөгийн өртөгтэй боссон аж. Гадны компаниар бариулбал 13-15 сая төгрөгийн зардлаар босох байсан гэнэ. Харин өөрсдийн хүчээр барьж, материалаа судалж, татсаны үр дүнд дунджаар таван сая төгрөгийг хэмнэж чаджээ. Ийнхүү бага хүчээр том ажлын ард гарч чадсан нь сэтгэл байхад юуг ч хийж, бүтээж болдогийг харуулсан үйл явдал боллоо. Ингээд хилчдийн минь нэг хэсэг болсон Хилийн 0288 дугаар ангийн хамт олон үр хүүхдүүдийн хамт эрүүл, цэнгэг агаарт үе үеэрээ дамжин аж төрөх боломж бүрдсэн нэгэн сайхан үйл явдал тохиосныг ийнхүү товчхон сурвалжлан та бүхэнд дуулгахад таатай байлаа.

ЭСГҮҮРЧИН Г.ХАНД:
-Шинэхэн зуслангийнхаа нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож байгаадаа ахмад ажилтан миний бие туйлын баяртай байна. Манай байгууллага ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд байнга анхаарч ажилладгийн том жишээ нь энэхүү 13 айлын зуслангийн хотхон юм. Энэ хотхоныг бага зардлаар бүтээн байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр бидэнд олгосон нь сайхан боломж байлаа. Ингээд энэхүү бүтээн байгуулалтыг санаачилж амжилттай хэрэгжүүлсэн ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан, Захирагчийн орлогч, Үйлдвэрлэл үйлчилгээний албаны дарга, ахмад Х.Мөнхтуяа, ахлах ахлагч Н.Эрдэнэ-Очир, дэд ахлагч Ж.Дамдиндорж нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн гар бие, сэтгэл зүрхээрээ оролцож дуудахад дуу нэг, дугтарахад хүч нэг байж эвийн хүчээр хамтдаа зүтгэсэн хамт олондоо баярласнаа илэрхийлэхэд таатай байна. Энэхүү сайхан хотхондоо бүгдээрээ орчин тойрондоо цэвэр цэмцгэр, ногоон байгууламжаа хайрлан хамгаалж аз жаргалтай, амар түвшин сайхан амьдарцгаая.

АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.ДОРЖГОТОВ:
-Ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайханы санаачилгаар өөрийн гэсэн зуслантай болж байгаа нь ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн нэг томоохон асуудлыг шийдсэн арга хэмжээ болж байна. Зуслангийнхаа нээлтийн ажиллагаанд нийт ахмадуудаа төлөөлөн урьж оролцуулж байгаа явдал нь ангийн удирдлагын зүгээс бидэнд ихээхэн анхаарч, санаа тавьж байдгийн нэгэн илэрхийлэл гэж үзэж байна. Хамт олон маань ахмадуудынхаа төлөөлөлд зуслангийн байр олгохдоо одоо ажиллаж байгаа албан хаагчдын нэгэн адил хөнгөлөлт үзүүлж байгаад мөн туйлаас баярлалаа. Энэ сайхан байгальтай орчинд хүний алжаал ядаргаа тайлагдаж, эд эс сэргэх нь ойлгомжтой. Түүнээс гадна анги байгууллага, хамт олноороо нэгэн дор хамт амьдарна гэдэг олон талын ач холбогдолтой. Манай ангийн захирагч ахмадуудынхаа олон талт үйл ажиллагаанд мөнгөн хэлбэрээр болон эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлж анхаарч тусалж ирсэн хүн. Одоогоор анги маань 10 гаруй ахмадуудыг ажиллуулж байгаа нь тэдний өдөр тутмын болон нийгмийнх нь асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэг болж байгааг энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Ингээд энэ анги байгууллагадаа идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, тогтвор суурьшилтай сайн ажиллаж, сайхан амьдраарай гэж залуустаа хэлмээр байна.

Дэд ахлагч О.БАЯРМАА